Австрали /1/ Оролдвол юу ч тийм хэцүү биш
Кофе хийж байхдаа би нэг зүйлийг ойлгосон юм. Түүнийг ярихаас өмнө жаахан оршил явъя.
За би Монголоос явахаасаа өмнө чухам баристагийн түргэвчилсэн сургалтад суусан юм. Эхний дөрвөн өдөр бол дан слайд үзээд л таарсан. Ер нь кофе хаанаас гаралтай юм, дотроо хэдэн төрөлтэй юм, тэр бүр нь ямар онцлогтой вэ гээд л лекц үзсэн. Харин ганцхан өдөр кофений машинтай танилцаж, хальтхан дадлага хийгээд, шалгалт өгөөд сертификат аваад энд ирсэн. Даанч ирсний дараа шууд кофе шопын ажилд ороогүй. Учир нь хичнээн <<сертификат>> байлаа гээд практик дээр шууд кофе хийж чадахгүй бол тэгээд шууд гологдож байгаа юм.
Ер нь ч тэгээд би гарын дүй муутай, жаахан салгадуу хүн. Гараараа нарийн нандин юм хийж чадахгүй гэж өөрийгөө голдог юм өө. Тэрэндээ ч тэр үү би бариста хийж чадахгүй гэж бодоод л яваад байсан.
Гэхдээ юуны тулд бүхнээ орхиод хүний нутагт ирсэн билээ, бүхнийг л турших хэрэгтэй гэдэг утгаараа аль болох хүнтэй харилцах, хэлээ сайжруулах ажлууд хийхийг хичээсэн. Тэгж яваад нэг газар зөөгч хийхдээ, давхар хааяа нэг кофе хийх боломж гардаг болсон юм. Энд туршлагагүй хүнийг бол тийм амар баристагаар авдаггүй. Учир нь Австрали миний мэдэрснээр кофены соёл өндөр хөгжсөн, энэ талаарх мэдлэг өндөртэй хэрэглэгчидтэй улс байсан.
За, тэгээд би кофе хийж байхдаа юу ойлгосон бэ гэвэл…
Бариста гэдэг тусдаа хүн байдаггүй юм байна. Робот биш, яг л бидэн шиг энгийн хүн. Гол нь сайн, төгс кофе хийхийн тулд олон удаа бүтэлгүйтсэн, бүтэлгүйтсээр ч байгаа гэхдээ аль болох сайн хийхийг хичээж байгаа л хүн юм шиг санагдсан.
Тэгэхээр…
Бид нар ер нь янз бүрийн ажлыг хараад сүрддэг шүү дээ. Би лав тэгдэг. Өөрийгөө ер нь голох хандлагатай. Гэхдээ ямар ч юмыг яг хийгээд үзэхээр тийм ч хэцүү байдаггүй.
Ердөөсөө алдаа гаргах, төгс бус үр дүнг харахаас байхгүй зориг л биднээс шаарддаг юм билээ.
Оролдвол бид юуг ч хийх боломжтой…
Энэ бол миний төгс бус кофе. Би бариста болох гээгүй. Ер нь хэн нэгэн болох гээгүй ээ. Зүгээр л би залуу насны зовлонгоо алтаар худалдаж аваад, тухтай бүснээсээ гараад, огт өөр соёл нийгэмд орж ирээд, янз бүрийн ажил хийж, янз бүрийн хүмүүстэй харилцаж, амьдралын төрөл бүрийн өнгийг ажиглаж яваа л нэг хүн байна.
Өөрийнхөө хийж чадахгүй, дургүй зүйлээ хийсний дараа би хүсвэл бүхнийг сурах, чадах юм шиг мэдрэмж төрсөн. Хамгийн гоё нь юу гээч, хүн бүр л алдаа гаргадаг. Ердөөсөө л бүх зүйл өөрөө процесс юм байна. Бүхнийг сурч болно, гүү бүр сурсан ч алдаа гаргаж болох юм байна. Тэгээд шинээр эхлэхэд л болно.
Баярлалаа, амьдрал минь.
Сидней хот, Австрали улс, 5-сарын-14